United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 2 ДУГААР ХОРОО ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Date: 
Thursday, 12 October 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хоёрдугаар хороо 10 дугаар сарын 11-12-ны өдөр “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн зорилтуудын нэг болох ядуурлын бүх хэлбэрийг арилгах асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанаар ядуурлыг арилгах тухай НҮБ-ын арван жилийн хугацаа (2008-2017)- нд ядуурлыг устгах, зохистой хөдөлмөр, ажил эрхлэлтийг дэмжих, тэгш бус байдлыг бууруулах чиглэлд үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд гарсан ахиц дэвшил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилт, дэлхийн эдийн засаг, санхүү, эрчим хүч, хүнсний хямралаас авсан сургамж зэрэг асуудлыг НБДГ-аас танилцуулж, гишүүн улс орнууд байр сууриа илэрхийлэв.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг энэ асуудлаар хэлсэн үгэндээ ядуурлыг бууруулахад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, хуулийн засаглал, тэгш байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх асуудал чухал болохыг онцолж, залуучууд, малчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй нийгмийн хамгааллын дэмжлэг, старт-ап бизнес, ЖДҮ-ийг дэмжихэд чиглэсэн Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.

Түүнчлэн Засгийн газраас уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийг дэмжих замаар эдийн засгаа төрөлжүүлэх бодлого баримталж буйг тэмдэглээд хуулийн засаглалыг бэхжүүлж, авилгатай тэмцэх, уул уурхайн салбараас олох баялгийг тэгш хуваарилах чиглэлд анхаарч буйг онцлов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр