United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ БОЛОН АРЛЫН ЖИЖИГ ОРНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН АЛБАНЫ ОРЛОГЧ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Date: 
Friday, 13 March 2015

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орны асуудал эрхэлсэн албаны орлогч захирал Хайди Шродерус Фокс-той 3 дугаар сарын 11-ний өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд уулзав.  

НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орны асуудал эрхэлсэн алба байгуулагдсанаас хойш далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудалд олон улсын анхаарлыг хандуулах цөөнгүй ажлыг санаачлан хийж ирснийг онцлоод өнгөрсөн оны 11 дүгээр сард Вена хотноо зохиогдсон Далайд гарцгүй орнуудын асуудлаарх НҮБ-ын хоёрдугаар бага хурлын дүнгээр гарсан Венагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжилтийг хангахад Монгол Улс анхаарч ажиллаж байгааг Гадаад хэргийн дэд сайд тэмдэглэв. 

Уулзалт ярианы үеэр манай улс өөрийн санаачлагаар Улаанбаатар хотод байгуулагдаад байгаа Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.   

Хатагтай Шродерус Фокс Вена хотноо болсон Далайд гарцгүй орнуудын асуудлаарх НҮБ-ын хоёрдугаар бага хурлын мөрөөр ирэх 6 дугаар сард Замбийн Ливинстон хотод Өндөр хэмжээний сайд нарын уулзалт зохион байгуулагдах гэж буйг мэдэгдэж, монголын тал өндөр хэмжээний төлөөлөгч оролцуулж, хурлын арга хэмжээнд идэвхтэй оролцоно хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Мөн уулзалтын үеэр “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хурлыг өнгөрсөн оны 6 дугаар сард Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан манай орны хувьд Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталж, далайд гарцгүй орнуудын дундаас анхдагч байхын чухлыг онцлов.