United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН ХОХИРОЛ 2030 ОНД 160 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

Date: 
Monday, 23 April 2018

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Нью-Йорк хотноо энэ оны 4 дүгээр сарын 24-нд “Ази, Номхон далайн бүсэд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн шинэлэг санхүүжилт” сэдэвт арга хэмжээг НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран зохион байгуулав.

Арга хэмжээнд Ази, Номхон далайн улс орнуудын бодлого боловсруулагчид, хөгжлийн болон санхүүгийн стратегичид, хувийн хэвшлийнхэн зэрэг 60 гаруй төлөөлөгч оролцож, байгалийн гамшгийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн санхүүгийн механизмийн талаар санал солилцлоо.

Ази, Номхон далайн бүсэд гамшгийн эрсдэлийн хохирол 2030 он гэхэд 160 тэрбум буюу бүс нутгийн ДНБ-ий 0.6 хувьд хүрнэ гэсэн тооцоог НҮБ-ын АНДЭЗНК-оос хийжээ. Иймд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад чиглэсэн катастроф бонд, параметрийн даатгал зэрэг санхүүгийн шинэлэг механизмийг хэрэгжүүлэх нь гамшгийн эрсдэлд бэлэн байх, сөрөг нөлөөллийг бууруулах, хохирол багатайгаар даван туулах боломж гэж оролцогчид үзээд санхүүгийн шинэлэг механизмуудыг ашиглахад Ази, Номхон далайн улс орнуудын үйл ажиллагааны уялдаа, зохицуулалт чухал гэдгийг онцлов.

Арга хэмжээний нээлтэнд Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн санхүүжилт чухлыг тэмдэглэж, Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сарын 3-6-нд болох Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд оролцохыг Ази, Номхон далайн улс орнуудад уриаллаа.