United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НИКОЛА СЕЛАКОВИЧТЭЙ УУЛЗАВ

Date: 
Friday, 24 September 2021

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд Никола Селаковичтэй Нью-Йорк хотноо уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэхүү уулзалт нь Монгол, Сербийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд болж байгаагаар онцлог бөгөөд уулзалтын өмнө “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд Никола Селакович нар гарын үсэг зурав.

“Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх суурь болж байгаа юм.