United Nations Welcome to the United Nations. It's your world.

БҮС НУТГИЙН ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР НЬЮ-ЙОРК ХОТНОО САНАЛ СОЛИЛЦОВ

Date: 
Thursday, 21 September 2017

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Шамшад Ахтартай 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, манай улсын хувьд бүс нутгийн интеграцид нэгдэх, хүний нөөцийг чадваржуулах, хэлэлцээний ур чадварыг сайжруулах асуудал чухал болохыг онцлов. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр энэ оны 10 дугаар сарын 6-наас хүчин төгөлдөр болж буйг мэдээлэв.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Шамшад Ахтар Монгол Улстай явуулж буй идэвхитэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ” болон “Тогтвортой байдлын хэтийн төлөв” судалгааг онцлов. Түүнчлэн тэрээр АНДЭЗНК-оос санаачилсан ”Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсыг нэгдэхийг уриалав.

Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2018 онд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын уулзалтыг зохион байгуулахад комиссоос дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр