United Nations Welcome to the United Nations. It's your world.

Бичиг үсгийн боловсролын тухай тогтоолыг НҮБ-аар батлуулав

Date: 
Friday, 04 November 2022

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан хоёр жил тутам батлуулдаг “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.

Бичиг үсгийн боловсрол нь хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхийн үндэс суурь төдийгүй ядууралтай тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангах, эрүүл орших, ажилтай иргэдийг хөгжүүлэх, хүртээмжтэй нийгмийг цогцлоох зэрэг Тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Тогтвортой хөгжлийн 4.6 дахь зорилтод залуус, насанд хүрэгчдийг бичиг үсгийн боловсролтой болгох асуудал туссан ч өдгөө энэхүү зорилт 87%-тай хэрэгжсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинаа 770 сая насанд хүрэгч бичиг үсэг тайлагдаагүй, эрэгтэйчүүдийн 90%, эмэгтэйчүүдийн 83% уншиж, бичиж чадаж байна. Түүнчлэн дэлхий даяар 244 сая хүүхэд, залуус сургуульгүй байгаа үзүүлэлтэд сүүлийн 10 гаруй жилд багахан төдий өөрчлөлт орсон төдийгүй КОВИД-19 цар тахлын үр нөлөөгөөр нөхцөл байдал улам хүндэрснийг шийдвэр гаргагчид анхааралдаа авахыг энэхүү тогтоолоор хүсэлт болгов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш “Бидний нийтлэг зорилго” тайлан илтгэлдээ дурдсан санаачилгуудын эхний үр дүн болох “Хувьсаж буй боловсрол” Дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан болон НҮБ-ын Залуучуудын алба байгуулсныг тогтоолын төсөлд онцлон тэмдэглэв.

Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 115 улс хамтран зохиогчоор нэгдэн орж, Америкийн Нэгдсэн Улс болон Нигерийн төлөөлөгчид үг хэлж, дэмжлэг илэрхийлэв.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР