United Nations Welcome to the United Nations. It's your world.

Б.Жавхлан: 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 558.8 тэрбум төгрөгийн зээл олгосон

Date: 
Tuesday, 27 April 2021

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр"-т тусгасан гурван төрлийн зээлийн хүрээнд 558.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Ингэснээр 22.9 мянган ажлын байрыг хамгаалсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Тэрбээр, “Дээрх зээл нь энэ онд олгох нийт зээлийн 5.6 хувь юм. Тодруулбал, Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд 2431 орчим зээлдэгч 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс энэ оны  тавдугаар сарын сүүл хэсэгт гурван хувийн хүүтэй зээлд зарцуулах 2 их наяд төгрөгийн зээл олголт өндөр гүйцэтгэлтэй байхаар харагдаж байна. Энэ зээлийг 3500 аж ахуйн нэгж, 20 мянган иргэнд уг зээлийг олгож, 120 мянган ажлын байрыг хадгалж үлдэхээр тооцоолсон. Одоогоор 32 456 иргэн 4 их наяд 480.2 тэрбум төгрөг хүсэлт ирүүлснийг судалж байгаа” гэлээ.

Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд, 1078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэснээр 1240 ажлын байрыг хадгалж чадсан байна. 

Ипотекийн зээлийн хүрээнд, 2043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч одоогоор дүгнэж хэлэхэд эрт байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцлоод, "Шууд мэдрэгдэж байгаа зүйл бол НӨАТ. Энэ оны эхний гурван сард ebarimt.mn-д 135.5 сая баримт бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд 113 сая, 2020 онд 120 сая байсан. Түүнчлэн шинээр бүртгүүлсэн НӨАТ төлөгч 2-3 дахин өслөө. 2019 онд 890, 2020 онд 165 НӨАТ төлөгч бүртгүүлж байсан бол энэ оны эхний гурван сард 2554 болж өссөн байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хүлээлт өсөж байна" хэмээв.