НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССЕМЛЕЙН 63 ДУГААР ЧУУЛГАНЫ

ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД САНЖААГИЙН БАЯРЫН ХЭЛСЭН ҮГ

2008 оны 9 дүгээр сарын 24, Нью-Йорк хот

 

 

Олон улсын хамтын нийгэмлэг нэлээд ярвигтай сорилт, аюул заналхийлэлтэй тулгараад буй үед НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэхүү чуулган чуулж байна. Ядуурал, хүчирхийлэл, тэгш бус байдал, терроризм, ХДХВ/ДОХ, байгалийн гамшиг зэрэг хүн төрөлхтний ужиг тулгамдсан асуудлын зэрэгцээ дэлхийн санхүү, хүнс, эрчим хүчний хямрал байдлыг илүү төвөгтэй болгож байна. Дэлхийд даяаршил, харилцан шүтэлцээ өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр аливаа шийдлийг хамтын хүч чармайлтаар тодруулах шаарлагатай болж байна.

 

Чухам үүнийг үндэс болгон, нарийн түвэгтэй эдгээр сорилтыг хамтран шийдвэрлэхийн тулд бид НҮБ руу хандаж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь оршин тогтнож буй бүхий л хугацаандаа дэлхийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодруулах үр нөлөө бүхий ганц байгууллага байж чадсан. Нөгөөтэйгүүр, НҮБ-ын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхийн тулд түүнийг хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч, энэ чиглэлд зарим чухал алхам хийгдсэн билээ.

 

2005 оны Дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрүүд, түүний дотор НҮБ-ын системийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мандатыг эргэж хянах, Ерөнхий Ассамблейг идэвхжүүлэх, удирдлага, нарийн бичгийн дарга нарын газрын шинэчлэлийг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр Ерөнхий Ассамблей тодорхой ахиц гаргасан. Тохиролцсон асуудлаар дорвитой шийдвэр гаргаж, цаашид улам эрчтэй ажиллах шаардлагатай гэсэн олонх улс орнуудын байр суурийг дэмжиж байна. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээг эхлүүлэх тухай Ерөнхий Ассамблейн 62 дугаар чуулганы шийдвэр нь зөв чиглэлд хийсэн чухал алхам гэж үзэж байна. Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл нь НҮБ-ын өөрчлөлт шинэчлэлийн нэн чухал нэг хэсэг мөн.

 

Ерөнхий санал шүүмжлэлийн үндсэн сэдэвт НҮБ-ыг шинэчлэх, ардчиллах асуудлыг чуулганы дарга ноён М.Брокман оруулснаар эл чиглэлээрх үүрэг амлалтаа бататгах таатай боломжийг тус чуулган бидэнд олгож байна. НҮБ-ын нийт гишүүн улсын дийлэнх олонх нь болсон жижиг улс орнууд ардчиллыг бэхжүүлэх үйл явцын гол хөдөлгөх хүч нь байх учиртай гэж бид үзэж байна. Энэ хүрээнд глобал түвшний шийдвэр гаргах үйл явцад хөгжиж буй орнуудын үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр НҮБ-ын шинэчлэлийн эдгээр болон бусад холбогдох асуудлаар өрнөх хэлэлцүүлэгт бид идэвхтэй оролцох болно.

 

Ядуурал, өлсгөлөнд дэлхийн хүнсний хямралын үзүүлж буй сөрөг нөлөө хэмээх энэхүү чуулганы гол сэдэв нь цаг үеэ үнэхээр олсон байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь дэлхий дахиныг хүнсний хямралд хүргэлээ. Буурай орнуудад амьжиргаагаа арайхийн залгуулдаг байсан сая сая эмзэг ядуус өнөөдөр илүү хүнд дарамтад өртөөд байна. Хүнсний хямралаас үүдэн өлсгөлөн, ядууралд нэрвэгдэгсдийн тоо 75 саяар нэмэгдсэн нь бидний ололтод саад учруулсан харамсалтай ухралт боллоо.

 

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс улбаатай эдийн засгийн сорилтууд ужгирч байна. Энэ ноцтой бэрхшээл инфляцийг хөөрөгдөж, эдийн засгийн хаалттай бодлогыг тэтгэн, хөгжиж буй орнуудын хөгжилд айхтар дарамт учруулж байна. Хөгжиж буй орнууд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон нийт үнийн инфляцийн хэмжээ хоорондын хамаарлаас үүдэлтэй макро эдийн засгийн үр дагаврыг зохицуулах зайлшгүй шаардлагатай учирч байна. Ийм учраас Хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ импортоор бүрэн хангадаг хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс даруй анхаарч, үүсээд буй хямралын энэ цаг үед хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах тэдний эрхийг хамгаалах шаардлагатай болоод байна. Ер нь цаашдаа эмзэг улс орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ирээдүйд ийм хямралд хориг болохуйц үндэсний дархлааг сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд түлхүү анхаарах нь зайлшгүй боллоо.

 

Монгол Улсын Засгийн газар хүнсний хямралтай тэмцэх тулгамдсан хэрэгцээ шаардлагыг сайтар ухамсарлаж хүн амын эмзэг давхаргад нөлөөлөх хүнсний хямралын сөрөг нөлөөг багасгахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээг бодлого, үйл ажиллагааны түвшинд авч хэрэгжүүлж байна. Манай Засгийн газар энэ оныг Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил болгон зарласан бөгөөд импортын бараанаас хараат байдлаа багасгахын тулд хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний бүтээгдэхүүний чанарын асуудлыг олон нийтэд сурталчлах, эрүүл хүнсний үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг 3 гол зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээр зорилтын хүрээнд дотоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор Атрын III аян хөгжлийн үндэсний хөтөлбөрийг энэ оны эхээр эхлүүлсэн. Хөтөлбөрийн үр дүнд 2010 он гэхэд Монгол Улс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангадаг болох юм.

 

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралын асуудлаарх өндөр түвшний ажлын хэсгийн бэлтгэсэн Үйл ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөнд зөвлөмж болгосон холбогдох арга хэмжээг Монгол Улс шинэ Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтуудад багтаан хэрэгжүүлэхийг зорьж байна.

Дэлхийн улс орнууд газрын тосны үнийн өсөлтөд нэрвэгдсээр байна. Манай улсын хувьд импортын шатахууны үнийн өсөлт нийт үнийн өсөлтийн гол шалтгаан болж байгаа болохоор байдлыг улам доройтуулж байгаа юм.

 

Олон улс оронд гэрэл цахилгаан, дулаан гаргах эрчим хүчний голлох эх үүсвэр нь нүүрс байсаар байгаа билээ. Нүүрс шатаадаг үр ашиггүй технологи нь агаарын бохирдлыг бий болгож, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Иймд нүүрс шатаах цэвэр технологийн талаар судалгаа хийх, хөгжүүлэх, суурилуулж ашиглах явдал Монгол шиг нүүрс үйлдвэрлэгч улс орнуудын хувьд эрчим хүчний салбарын нэн тэргүүний зорилт болж байгаа юм.

 

Эдгээр таагүй хүчин зүйлсийг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол эрчим хүчний үр ашгийг сайжруулж, эх үүсвэрийн төрлийг олшруулах явдал юм. Энэ ч утгаараа сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг технологи, цөмийн эрчим хүч гэх мэт эрчим хүчний цэвэр болон шинэлэг технологийг судлах, хөгжүүлэх, нэвтрүүлэх, шилжүүлэх чиглэлээр НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагуудын зүгээс тавьж буй хүч чармайлтыг Монгол Улс талархан сайшааж байна. Шатдаг түлшнээс хамаардаг байдлаа бууруулахыг зорьж буй бидэнд эдгээр хүч чармайлт нэн чухал юм.

 

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь томоохон сорилт бөгөөд түүнийг давж гарах талаар үндэсний болон олон улсын хэмжээнд иж бүрэн шийдэл олох шаардлагатай байна. Эрчим хүчний боломжит бүх эх үүсвэртэй, эсвэл тэдгээрийг бүрнээ хөгжүүлсэн улс орон дэлхийд байхгүй билээ. Иймээс улс орон бүр эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах өөрийн онцлог эрх ашигтай, хувь нэмрээ оруулах үнэт зүйлстэй байдаг.

 

Монгол Улс өөрийн хамгийн ойрын бүс нутаг болох Зүүн Хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байна. Эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлаар Зүүн Хойд Азид ахлах албан тушаалтны хорооны уулзалтыг бид тогтмол хийж ирснээр ийм хамтын ажиллагааны зохион байгуулалтын үндсийг тавиад байна. Уг хорооны анхны уулзалтыг 2005 оны 11 дүгээр сард Монгол Улс хүлээн авч зохион байгуулснаар тус бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлаарх Засгийн газар хоорондын механизмыг бүрдүүлсэн юм. Коксжих нүүрсний арвин нөөцтэй манай Таван толгойн уурхай энэхүү дэд бүсийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

 

Эрчим хүчний салбар дахь дэд бүсийн энэхүү хамтын ажиллагааны зэрэгцээ Түмэн голын сав газрыг хөгжүүлэх санаачилгыг идэвхжүүлэх хүч чармайлт нь дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй дэд бүс болох Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцчлалын цаашдын төлөвт зохих хувь нэмэртэй байх болов уу гэж найдаж байна.

Монгол Улсын хувьд бүс нутгийн интеграцид идэвхтэй оролцох нь хөгжлийн зорилтуудаа шийдвэрлэх нэг чухал арга зам гэж үзэж байна. Гэвч жижиг, эмзэг эдийн засагтай улс орнууд дэд бүтэц, технологийн сул хөгжлөөс шалтгаалан бүс нутаг болон олон улсын интеграцид оролцоход багагүй бэрхшээлтэй тулгардаг.

Даяаршлын үр шимийг хүртэх боломжтой болоход нь тэдэнд хөгжингүй түншүүдийнх нь зүгээс зах зээлээ нээлттэй болгох, техникийн туслалцаа үзүүлэх, технологи шилжүүлэх, худалдааны саад тотгорыг арилгах зэрэг дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм. Удахгүй чуулах Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах өндөр хэмжээний уулзалтаас эдгээр орныг бүс нутгийн болон олон улсын худалдааны системд хамруулах чиглэлээр үр өгөөж бүхий тодорхой шийдвэр гаргана гэж найдаж байна. Түүнчлэн, олон талт худалдааны хэлэлцээний Дохагийн үе шатыг амжилттай болгохын тулд хөгжиж буй орнууд, ялангуяа онцгой шаардлага хэрэгцээтэй улс орнуудад худалдааны илүү тааламжтай, шударга нөхцөл бий болгох ёстой.

 

Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бидний оруулж буй үндэсний хувь нэмрийн нэг бол манай Засгийн газраас батлан гаргасан Транзит Монгол хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь Монголын тээврийн салбарын тогтолцоог шинэчлэх далайцтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар Монгол орны далайд гарцгүй байдлын бэрхшээлтэй үр дагаврыг багасгах зорилготой болно. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талт болон хоёр талын шугамаар, мөн хувийн хэвшлийн зүгээс хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх боломж бүрэн нээлттэй байгаа.

 

Мянганы хөгжлийн зорилтууд /МХЗ/-ыг 2000 онд баталснаас хойш тэдгээрийг хэрэгжүүлэх хугацааны талыг бид ардаа орхиод байна. Мянганы хөгжлийн зорилтуудыг олон улсын хэмжээнд хэрхэн хэрэгжүүлж байгаа дүр зургийг авч үзвэл нэлээд ялгаатай байдал ажиглагдаж байна. Зарим улс олонх зорилтоор амжилт олсон байхад нөгөө хэсэг хоцорч буй байдалтай байна. Эдгээр хоцрогдож буй улс оронд туслахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг эрчимтэй өрнүүлэх зайлшгүй шаардлага гарч байгааг бид ойлгох учиртай. Энэ чиглэлд маргааш болох өндөр хэмжээний хэлэлцүүлгээс ажил хэрэг болох тодорхой амлалт бүхий үр дүн гарна гэдэгт найдаж байна.

 

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч, 2004-2007 онд ДНБ-ий дундаж өсөлт 9,1 хувь байв. Нэг хүнд ногдох ҮНБ-ий хэмжээ энэ оны эхээр 1500 орчим ам.долларт хүрч, 2003 онтой харьцуулахад 2,5 дахин нэмэгдлээ. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцын тухай үндэсний 2 дахь илтгэлийг өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан бөгөөд түүнд Монгол Улсын Мянганы хөгжлийн 24 зорилтын 60 орчим хувь нь 2015 он гэхэд хэрэгжсэн байх буюу хэрэгжих магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Гэвч ядуурлыг бууруулах, орон сууцаар хангах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах чухал зорилтууд нэлээд бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж, хүч чармайлтаа эрчимжүүлэх шаардлагатай байна.

 

Монгол Улс нүүрс, зэс, алт, молибден, ураны баялаг ордуудтай бөгөөд тэдгээрийн дийлэнхийг ашиглаж эхлээгүй байна. Хэрвээ бид улс орныхоо өөдлөн дэвших замд саяхныг хүртэл саад тушаа болж ирсэн хуваагдмал байдлаа даван туулж чадах аваас эдийн засгийн хурдацтай өсөлтөө хангаж, тогтвортой хөгжлийн замд орох урьд өмнө олдож байгаагүй түүхэн боломж бүрдэж байна.

 

Чухамхүү энэ зорилгоор өнгөрсөн 6 дугаар сарын 29-нд болсон тав дахь ардчилсан сонгуулийн дараа манай улс төрийн хоёр гол нам өөрсдийн байр суурийн ялгааг үл харгалзан хамтарсан Засгийн газрыг хэдхэн хоногийн өмнө байгуулсан нь урьд өмнө байгаагүй онцгой алхам боллоо. Гадаадын 20 гаруй улс орны 80 орчим ажиглагчид чөлөөтэй, шударга болсон гэж дүгнэсэн сонгуулийн дүнгээр МАХН УИХ-ын нийт 76 суудлаас 45-ыг авч, олонхи болсон билээ. Хэдий тийм боловч улс орны хөгжлийн гол чухал асуудлаар үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардлагыг үндэс болгон МАХН дангаараа Засгийн газар байгуулах эрхээс өөрийн санаачилгаар татгалзаж, Ардчилсан Намтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

 

Манай хоёр намын энэ түүхэн шийдвэр нь Монголын ард түмний сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөөх үүрэг амлалт, хариуцлагын илэрхийлэл болж байна. Үүнийг өнгөрсөн зууны 11 онд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан, 21-24 онд феодализмыг устгасан, 90 онд ардчилалтай золгосон 3 онцгой үйл явдлын дараа манай ард түмний хийсэн 4 дэх түүхэн сонголт гэж нэрлэж болно. Хөгжлийн олон тулгамдсан асуудлаар хүч чармайлтаа нэгтгэн 2015 он гэхэд МХЗ-ыг, 2021 он гэхэд МХЗ-д суурилсан Үндэсний хөгжлийн цогц стратегийг хэрэгжүүлж, ард олныхоо амьжиргааг үлэмж нэмэгдүүлэн, улмаар Монгол орноо дундаж орлоготой улс болгохын төлөө хамтран ажиллахад энэхүү эв нэгдэл чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэл дүүрэн байна.

 

Өнөөгийн даяарчлагдсан дэлхий ертөнцөд аливаа улс орон, түүний дотор Монгол Улс бие даан үндэсний зорилтоо хэрэгжүүлнэ гэвэл ихээхэн түвэгтэй байх нь ойлгомжтой. НҮБ-ыг төвөө болгосон олон талт хамтын ажиллагааны механизмаар дамжуулан даян дэлхийн үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулах, дэлхийн эдийн засгийн интеграцчилалд идэвхтэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тулгын чулуу байсаар байх болно. Тогтвортой, энх амгалан, цэцэглэн хөгжиж буй дэлхий нь манай болон бусад Засгийн газраас ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх зайлшгүй нөхцөл гэдгийг бид сайтар ухамсарлаж байна. Тийм ч учраас НҮБ болон олон талт бусад байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс өөрийн идэвхтэй оролцоогоо үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаагаа, мөн өнөө цагийн хүнд сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон үндэстний гэр бүлийн нийтлэг хүч чармайлтыг зохицуулах төв механизм болсон дэлхийн Байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа Монгол Улс дахин нотолж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.