НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН

61 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛДЫН

ХЭЛСЭН ҮГ

 

2006 оны 9 дүгээр сарын 21                                                                     Нью-Йорк хот                                                          

 

Эрхэм хүндэт хурлын Дарга аа,

Хатагтай, ноёд оо,

 

            Өнгөрсөн жилийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар энх тайван, хөгжил, хүний эрхийг хангахын төлөө үйл ажиллагааны тодорхой хөтөлбөр баталснаас хойш түүнийг ажил хэрэг болгоход олон улсын хамтын нийгэмлэг багагүй ажлыг хийж зохион байгууллаа. Үүнд Энхийг бүтээн цогцлоох комисс, Хүний эрхийн зөвлөл, Онцгой байдлын тусламж үзүүлэх төв сан, НҮБ-ын Ардчиллын сан байгуулж, Терроризмын эсрэг бүх нийтийн стратеги боловсруулсныг дурдаж болох юм.

 

            Гэхдээ бидэнд хийсэн ажлын одоогийн үр дүнд сэтгэл амрах эрх байхгүй. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй ард иргэдэд өдөр тутмын амьдралд нь хөгжлийн үр шимийг мэдэгдэхүйц хэмжээнд хүртээх талаар илүү эрчимтэй хүч чармайлт тавих шаардлагатай байгаа юм. Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кофи Аннан тус байгууллагын өнгөрсөн жилийн тайланд 2005 онд амласан үгс маань туслахаар зорьсон ядуу зүдүү хүмүүсийн аж амьдралд шууд нөлөөлж  чадаагүй төдийгүй хэрэгжилтийн явц байдал нь Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд шаардагдах түвшинд хүрээгүй байгааг онцлон хэлжээ. Энэ бол гашуун боловч бодитой үнэн үг юм.

 

            Тийм ч учраас  энэ чуулганаар хөгжлийн төлөөх дэлхий нийтийн түншлэлийн хэрэгжилтэд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулсан хатагтай хурлын даргын санаачлагыг манай төлөөлөгчид дэмжиж байгаа юм.

 

            Мянганы хөгжлийн 8 дахь зорилт болгон томъёолсон энэхүү глобал түншлэлийг хөгжлийн бусад зорилго, зорилтоос ангид авч үзэх боломжгүй билээ. Хөгжлийн төлөөх дэлхийн нийтийн түншлэл гэдгийг бид хөгжиж буй болон хөгжингүй орнуудын харилцан үүрэг хүлээсэн гэрээ гэж ойлгодог. Энэ нь нэг талаас хөгжиж буй орнуудын хувьд улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахуйц оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлж, дотоодын нөөц болоцоогоо дайчилж ажиллах хариуцлага юм. Харин хөгжингүй орнуудын хувьд дээрх улс орнуудын хүч чармайлтыг дэмжиж хөгжлийн төлөөх санхүүжилт, түүний дотор хөгжлийн албан ёсны тусламжийг богино хугацаанд шаардагдах хэмжээнд нь олгох, зах зээлээ илүү нээлттэй болгох үүргийг хүлээж байгаа гэж бодож байна. Өөрт ногдсон үүргээ Монгол Улс бүрэн ухамсарлаж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө  хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

 

Эрхэм хурлын дарга аа,

 

            Манай улсаас Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, онцлог хийгээд энэ чиглэлээр түншлэлийн хэрэгцээ, шаардлагын талаар санаа бодлоо хуваалцахыг зөвшөөрнө үү.

 

            Нэгдүгээрт, Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгч, хэрэгжилтийн талаарх анхны илтгэлийг Засгийн газар болон УИХ-ын тусгай хуралдаанаар авч хэлэлцэж, 2005 оны 4 дүгээр сард УИХ-ын тогтоолоор үндэсний хөгжлийн зорилтууд болгон хуульчлан баталгаажуулсан юм. Чингэснээр МХЗ-уудыг улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд болон жил бүрийн улсын төсөвт зорилт бүрээр нь шаардагдах хөрөнгийг тусган ажиллаж байна.

 

            Хоёрдугаарт, 2005 оны Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт заасны дагуу Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц стратегийг боловсруулж байгаа бөгөөд анхны төслийг УИХ-ын чуулганд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү ажилд улс төрийн намууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцож байгаа нь Yндэсний хөгжлийн цогц стратегийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх боломжийг нээн өгч байгаа хэрэг юм.

 

            Гуравдугаарт, Монгол Улс хөгжил, сайн засаглал, хүний эрх, ардчилал хоорондын салшгүй уялдаа холбоог төрийн бодлогодоо тусгаж, хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх шинэ зорилтыг нэмж баталсан нь онцлог үйл явдал  болсон.  Энэ зорилтын хүрээнд хөгжилд саад тушаа болсон авилгалтай хийх тэмцлийн эрх зүйн орчинг бүрдүүлж буй Авилгын эсрэг хуулийг УИХ-аас саяхан шинэчлэн баталлаа. Энэ хуулийн дагуу авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, авлигалын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулах, албан тушаалтны хөрөнгө,  орлогын мэдүүлэгт хяналт тавьж шалгах чиг үүрэг бүхий Авлигалтай тэмцэх газрыг байгуулж ажиллуулах ёстой юм. 

 

            Дөрөвт, Энэ оны эхээр эмхлэн байгуулсан манай Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хүн амын орлогыг нэмэх, ядуурлыг бууруулах зорилгоор хувь хvнд хүрсэн, vр дvнг нь иргэд шууд мэдрэх нийгмийн халамжийн бодлогыг шат дараатай хэрэгжүүлж байна. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалинг 33 хувиар өсгөж , Монголын нийт хүн амын тэн хагас орчмыг бүрдүүлж буй нэг сая хүүхэд бүрт сарын тэтгэмж, шинээр гэр бүл бологсод, шинээр мэндэлсэн хүүхдэд тэтгэмж олгох болж байна. Олон хүүхэдтэй эхчүүд, өндөр настаны тэтгэвэр тэтгэмжийг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлсэн. Түүнчлэн 2006-2007 оны хичээлийн жилээс бага ангийн сурагчдад үдийн цай уух хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бүхэн маань ядуурлыг бууруулахад үр дүнгээ богино хугацаанд өгөх, улмаар МХЗ-уудыг биелүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэж бодож байна.

 

            Тавдугаарт, Бодлогын түвшинд манай засгийн газраас МХЗ-уудад туссан боловсрол, эрүүл мэнд гэсэн хүний хөгжлийн асуудалд онцгой анхаарч ирлээ. Тухайлбал, 2006-2008 онд хэрэгжүүлэх Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд 15 наснаас дээш бүх иргэдийг эмнэлгийн үзлэг оношлогоонд хамруулж, нийт хүн амын өвчлөлтөд тандалт хийж, шинжлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Мөн энэ оны 8 дугаар сард баталсан Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө нь боловсролын хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүний хөгжлийн түвшинг ахиулахын зэрэгцээ улс орны эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бас нэг зорилго хэрэгжих юм. 

 

            Үүний зэрэгцээ татварын багц хуулийг саяхан Засгийн газрын санаачилгаар шинэчлэн, татварын нийт хувь хэмжээг багасгасан нь бизнест тааламжтай орчин бүрдүүлж, улмаар эдийн засгийг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

Эрхэм хурлын Дарга аа,

 

            Монгол Улс дээр дурдсан тодорхой бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлснээр Мянганы хөгжлийн олонх зорилт, тухайлбал боловсрол, жендер, эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудаа 2015 он гэхэд хэрэгжүүлэх боломжтой байгаа хэдий ч ядуурлыг тэн хагасаар бууруулах, хүрээлэгч орчны тогтвортой байдлыг хангах зорилтуудын хэрэгжилт бидний санааг зовоосоор байна. Үүнд бид бусад хөгжиж буй орнуудын нэгэн адил дан ганц өөрсдийн хүч чармайлтаар хүрэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой.

 

            Иймд хөгжиж буй орнуудын ядуурлыг дорвитой бууруулах, хөгжлийг түргэтгэхэд хоёр болон олон талын хандивлагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил зэрэг бүхий л оролцогчдыг хамарсан дэлхий нийтийн түншлэл, үр өгөөжтэй хамтын ажиллагаа шаардлагатай байна. Энэ чиглэлд мөн гадаадын зээл, тусламжийг Мянганы хөгжлийн зорилтууд, тэдгээрт суурилсан Үндэсний хөгжлийн цогц стратегийг хэрэгжүүлэхтэй уялдуулж, улмаар тусламжийн үр ашгийг дээшлүүлэх тухай  Парисын Тунхаглалд заасны дагуу тогтвортой, удаан хугацааны санхүүжилтийг олгох, чадавхийг бий болгох, тусламж хүлээн авагч орны эрх ашгийг илүү харгалзах зарчмыг баримтлан тусламжийн чанарыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.

            Монгол Улс бол далайд гарцгүй, цөөн тооны экспортын барааны үнийн хэлбэлзэл, дэлхийн эрчим хүчний үнийн өөрчлөлтөд нэн өртөмгий жижиг эдийн засагтай хөгжиж буй улс юм. Барааны үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, түүний цочролоос урьдчилан сэргийлэх олон улсын оновчтой бүтэц бий болгох нь бага орлоготой, экспортын бараанаас хамаарал бүхий орнуудын ядуурлыг бууруулах хүч чармайлтад нь бодитой хувь нэмэр болох учиртай. Нөгөөтэйгүүр, худалдаа, хөрөнгө оруулалт хөгжлийг санхүүжүүлэгч нэг том эх үүсвэр билээ. Тийм ч учраас бид хөгжиж буй орнууд, ялангуяа эмзэг орнуудад зах зээлийг нээлттэй болгох, үйлдвэрлэл, худалдааны чадавхиа сайжруулахад нь туслалцаа үзүүлэх зэрэг худалдааны илүү таатай нөхцөл бүрдүүлэх замаар Дохагийн үе шатны хэлэлцээг сэргээхийн төлөө байна. Энэ нь дэлхий нийтийн түншлэлийн гэрээний дагуу хөгжингүй орнуудын хүлээх үүрэг гэж үзэж байна. Худалдаа, транзит тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар Монгол Улс 2007 онд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны сайд нарын бага хурлыг өөрийн оронд зохион байгуулахаар бэлтгэж байна.

            Далайд гарцгүй хөгжиж буй орнууд өнгөрсөн 7 хоногт Гавана хотноо төр, засгийн тэргүүн нарын хэмжээнд анх удаагаа хуран чуулж, хамтын эрх ашгаа илэрхийлсэн Тунхаглал баталсныг олон улсын хамтын нийгэмлэг анхааралдаа авахыг уриалж байна. Энэхүү Тунхаглалын заалтуудыг хэрэгжүүлэх нь далайд гарцгүй орнууд, түүний дотор Монгол Улсын хөгжлөө урагшлуулах, ядуурлыг бууруулах талаар тавьж буй хүч чармайлтад ихээхэн тус дэм үзүүлэх юм.

Эрхэм хурлын Дарга аа,

 

            Энх тайван, хөгжлийг хангахад ардчилал чухал үүрэг гүйцэтгэдэг. Ардчиллын үйл явц тухайн улсын хөрсөнд соёолон хөгждөг хэдий ч түүнийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжин тэтгэх учиртай. Монгол Улс Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын тавдугаар бага хурлын Даргын хувьд ардчиллын үнэт зүйлийг олон улсын хэмжээнд урагшлуулахад идэвх чармайлт гарган ажиллаж ирлээ. Тухайлбал, Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт, улс орны мэдээллийн хуудас, ардчиллыг бэхжүүлэх үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах зэрэг тодорхой ажлыг гүйцэтгэв. Түүнчлэн АШСТО-ыг засгийн газар, парламент, иргэний нийгмийн гэсэн гурвалсан бүтэцтэй болгож, Нью-Йорк дахь АШСТО-ын Зохицуулах механизмаас гадна Даргын анд нарын бүлгийг байгуулж ажиллаа.

 

            Өнгөрсөн 6 дугаар сард АШСТО-ын хүрээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэсэн олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж, хурлын мөрөөр гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлснийг тэмдэглэхэд таатай байна. Ирэх сард Катарын нийслэл Доха хотноо болох 6 дугаар бага хуралд бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, ололт, сургамжаасаа тус хөдөлгөөний нийт гишүүн оронтой хуваалцахад бэлэн байна.  

 

            Монгол орны хувьд энэ жил тохиож буй түүхэн онцлог үйл явдал бол Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой юм. Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монголын төрт ёсны 800 жилийн ойн тухай 60/16 тогтоолыг баталж, гишүүн улс, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдыг их ойн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалсан билээ. Энэхүү тогтоолын үзэл санааны дагуу ойг тэмдэглэх хүрээнд зохиосон Монголын төр ёсны уламжлал, Дэлхийн Монгол угсаатны чуулган, Олон улсын монголч эрдэмтдийн IX их хурал, Нүүдэлчдийн ёс уламжлал зэрэг олон улсын эрдэм шинжилгээний хуралд монгол туургатан, эрдэмтэн судлаачид, Монголыг дэмжигч улс, байгууллагын зочид, төлөөлөгчид өргөнөөр оролцсонд талархал илэрхийлье. Түүнчлэн 800 жилийн ойн хүрээний гол арга хэмжээ болсон үндэсний их баяр наадмын ажиллагаанд 30 гаруй улс орны 300 гаруй төр, засгийн өндөр зочид, төлөөлөгчид оролцсоныг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.

 

            Энэхүү тэмдэглэлт их ойн хүрээнд бүтэн жилийн турш зохиосон олон арга хэмжээ, хийхээр төлөвлөөд буй ажил нь Монголын төр ёсыг залгамжилж үлдсэн өнөөдрийн монголчууд бидэнд нүүдэлчдийн соёл, уламжлалыг хадгалан хөгжүүлэх, Монгол Улсын баялаг түүх, соёл, өнөөгийн хөгжил, сорилтуудыг олон улсын хамтын нийгэмлэгт дахин нээн таниулахад ихээхэн ач холбогдолтой боллоо.

 

            НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган нь мөн Монгол Улс НҮБ-д элссэний 45 жилийн ойтой давхцаж байгаагаараа бидний хувьд онцгой ач холбогдолтой юм. 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь монголын ард түмний хувьд түүхэн чухал үйл явдал болсон. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд цар хүрээ, агуулгын хувьд өргөжин тэлж ирснийг онцлон тэмдэглэмээр байна. НҮБ нь манай улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх үйлсэд үнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Монгол Улс ч өөрийн зүгээс НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, идэвх санаачилгатай хамтран ажиллахын зэрэгцээ олон улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөөх улс гүрнүүдийн хамтын чармайлтад зохих хувь нэмрээ оруулж ирлээ.

 

            Энэ намар бид тус байгуулагын дараачийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож, томилох ёстой билээ. 2007 оноос олон улсын хамтын нийгэмлэгийг бүхэлд нь төлөөлж явах шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга маань дэлхийн энх тайван, хөгжил, хүний эрх, НҮБ-ын шинэчлэл гэсэн чиглэлээр Кофи Аннаны эхлүүлсэн зоримог санаачлага, өөрчлөлт шинэчлэлийг эрчимтэй урагшлуулж, илүү сайхан дэлхий ертөнцийг байгуулахад хүчин зүтгэх итгэл үнэмшил, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, холч мэргэн бодлого, дадлага туршлага, авъяас билигтэй жинхэнэ удирдагч байх ёстой гэж үзэж байна. Дэлхийн хүн амын тэн хагасын өлгий болсон Ази тивд ийм хүн байгаа гэдэгт бид итгэл төгс байна.

 

            Монгол Улс НҮБ зэрэг олон улсын байгууллага, олон талт үйл явцад идэвхтэй оролцож, НҮБ-ыг энх тайван, хөгжилд чиглэсэн улс гүрнүүдийн хамтын хүч чармайлтыг нэгтгэн зохицуулах үүрэг бүхий байгууллага байлгахын төлөө  тууштай ажиллахаа илэрхийлж байна.

 

            Анхаарал тавьсанд баярлалаа.